Top
АРЪЯАБАЛЫН СҮМИЙН ТУХАЙ | Bayan Travel
fade
4221
post-template-default,single,single-post,postid-4221,single-format-standard,theme-voyagewp,mkd-core-1.2,mkdf-social-login-1.3,mkdf-tours-1.4,woocommerce-no-js,voyage child theme-child-ver-1.0,voyage-ver-1.8,mkdf-smooth-scroll,mkdf-smooth-page-transitions,mkdf-ajax,mkdf-grid-1300,mkdf-blog-installed,mkdf-breadcrumbs-area-enabled,mkdf-header-standard,mkdf-no-behavior,mkdf-default-mobile-header,mkdf-sticky-up-mobile-header,mkdf-dropdown-default,mkdf-light-header,mkdf-header-standard-border-enabled,mkdf-top-bar-dark,mkdf-fullscreen-search,mkdf-search-fade,mkdf-medium-title-text,wpb-js-composer js-comp-ver-5.7,vc_responsive
Bayan Travel / Geography  / АРЪЯАБАЛЫН СҮМИЙН ТУХАЙ
20 Apr

АРЪЯАБАЛЫН СҮМИЙН ТУХАЙ

Домогт мэлхий хад жуулчны баазаас хойш 3км зайд Аръяабалын бясалгал бүтээлийн сүм (дүүжин гүүртэй) байрладаг.
Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Түвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг.

Уулын чулуу засаад, сүмийн үүд хүртэл 108 + 8 давхар чулуун шатыг хийсэн ба шатаар өгсөх бүрт “Ум мани бадми хум” хэмээн хэлж өгсвөл санаандгүй үйлдсэн нүгэл нэг нэгээрээ хорогдоно гэж үздэг. Хүмүүний үйлдэх нүгэл 108 янз байдаг гэнэ, хүний арьс тоо томшгүй олон нүхтэй боловч тэр дунд муу энергийг сорж байдаг 108 нүх бий, тэдгээр 108 нүхийг таглах гэж 108 эрих бий болсон гэж тайлбарлах нь бий. 8 гэдэг нь хүний урьдын амьдралын 8 харанхуй орчлон байдаг ба түүнээс эхлээд ангижрах ёстой ажээ. Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээнэ.

Аръяабал гэдэг нь Жанрайсиг бурханы санскрит нэр бөгөөд монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригчхэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн-мэлмий, рэ-тасралтгүй, зиг-харах” буюу Мэлмийгээр болгоогч хэмээнэ. Аръяабал бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьжээ. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ. Аръяабал бурхан буюу Жанрайсиг бурханд 6 үлэмж чанар байх агаад тэр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхадын манлай, хаа сайгүй орших увидас болно. Түүний энэ хамаг амьтныг аврах гэж зүдэрч байгааг нь харсан Авид бурхан түүнд 1000 мутар хайрласан гэдэг. Нэгэн домогт, Аръяабал бурхан чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Тийм учраас Жанрайсиг бурханыг “8 аюулаас аврагч”, “4 аюулаас аврагч” хэмээн нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь мэлмийгээр болгоогч бурхан учраас эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг гэсэн домогтой. Аръяабалбурханы зүрхэн тарни болУм ма ни бад ми хум юм.
Аръяабал сүмийн зүүнтээ уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг.



Сүмийн баруун хойхно талд жаахан зайтай Мял богдын агуй гэж байдаг ба арын уулын том хадыг ашиглан өмнө талд нь жижиг сүмийн байшин барьж тохижуулжээ. Мял богд гэдэг нь Түвдийн Гүнтан нутагт төрсөн бөгөөд 7 настайдаа эцгээсээ өнчирч охин дүү эхийн хамт үлджээ. Шунахай сэтгэлт авга ах нь хамаг эд хөрөнгийг нь аваад зогсохгүй эхийг нь эхнэрээ болгох гэжээ. Эд хөрөнгө, гэр орон, мал ахуй, тариан талбайгаа авга ахдаа булаалгасанд ихэд өширхсөн байсан бөгөөд эхийн ятгалгаар Мял хүү 15 настайдаа Үй зангийн оронд очиж хараалын увидаст суралцжээ.
Улмаар авга ахаасаа хэрцгийгээр өш хонзон авч, 35 хүний амийг хараалын хүчээр авснаар маш том нүгэлд унаж бие сэтгэлийн зовлонд эдэлсэн гэдэг. Хийсэн нүглээ цайруулахын тулд Нимава буюу улааны шашны зогчэн ёсыг судалсан боловч нэмэр болсонгүй гэнэ. 38 настайдаа Марба ламтантай учирч түүнийг бишрэн дагажээ. Түүний хилэнц нүгэлийг арилгаж, дээд сургааль хүртэх оюун санааны бэлтгэлийг хангах үүднээс 6 жилийн турш байшин бариулж, эргүүлж нураалгах ажил хийлгэх зэргээр хүнд хүчир сорилтонд оруулжээ. Эцэст нь 9 давхар цамхагийг ганцаараа барьж, бүх бие нь турж эцэншарх сорвиор дүүрсэн гэдэг. Ингэж зовсны эцэст бурханы авшиг хүртэн Марба ламтны хамтаар ууланд гарч зөвхөн халгай өвсөөр зоог хийн бясалгал хийснээр 9 жилийн дараа бурханлаг мөн чанарыг олжээ.

Мял богдын агуйн баруун дээд талд уулын энгэрт бурхадыг хөрөглөн зурсан байдаг. Баруун дээд талаас Жанрайсиг бурханд 1000 мутар хайрласан шар лагшинтай Авид гэгээн, хүн ардыг аюулаас авран мэлмийгээр болгоогч цагаан лагшинтай Чагши Жанрайсиг, буддын шашны үндэслэгч шар лагшинтай Бурхан багш, монголчуудын язгуурын 3 бурханы нэг шар лагшинтай Оюун ухааны Манзушир, Монголыг даасан сахиус хөх лагшинтай Очирваань бурхадын хөрөг бий.
Аръяабал сүмийн гадна хашааны үүдэнд тасалбар худалдах цэг бий. Гадаад иргэн 2000 төгрөг, дотоод иргэн 1000 төгрөгийн тасалбараар нэвтэрнэ. Явган хүний зам дагуу бурхан багшийн сургааль номлолоос иш татсан самбарууд байрлуулжээ.
Дээш өгссөн замын төгсгөлд тус хийдийн гэрэлт хөшөөг мэлхий чулууны нуруун дээр байгуулаад, доод талд нь Цагаан өвгөний дүрийг залсан байдаг. Цаана нь Хүрдний асар байх ба асарын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр зогсох ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг.
Заасан тооны тайллыг Аръяабал сүм рүү явах хөндлөн зам дагуух самбар дээрээс харж уншина. Хүрдний цаана бурхан багшийг дагуул 2 шавь буюу Модголжибу, Шаарибутай хамт бүтээн залжээ.

No Comments

Leave a Reply: